Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Австралийн их, дээд сургуулиудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийв. Дугуй ширээний уулзалтад Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн их сургууль зэрэг нийт 17 их сургууль, 3 Техник, мэргэжлийн сургуулийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд, БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нар Монгол Улсын дээд боловсролын салбарын бодлогын талаар илтгэл тавьж, Монгол, Австралийн их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Ерөнхийлөгчийн илгээлт 2100, Ерөнхий сайдын ахисан шатны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн талаар салбарын сайд мэдээлэл өгч, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх их үйлсэд гар нийлэн хамтран ажиллахыг уриаллаа.


